Зэргийн бус сургалтын мэдээлэл

2026-07-01

ЗЭРГИЙН БУС СУРГАЛТ

Дээд боловсролын тухай хуулийн 19.6 заалт,  ШУТИС-2030 стратеги төлөвлөгөөний 4.3 буюу “Насан туршийн боловсролыг дэмжсэн сургалт, хөтөлбөрийн төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх” зорилтын хүрээнд олон нийт, элсэгчдэд зориулсан богино хугацааны сургалт, хөтөлбөрийн төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор зэргийн бус сургалтыг зохион байгуулна.

  1. Зэргийн бус сургалтад бүртгүүлэгчид тавих шаардлага:
    1. ШУТИС-д хичээл сонгон судлах, суралцах сонирхолтой их, дээд сургуулийн оюутан, ажиллаж байгаа иргэн эсвэл 2026-2027 оны өвөл элсэлтийн шалгалт өгөхөөр бэлтгэж байгаа ерөнхий боловсролын сургуулийн төгсөгч байх;
    2. ШУТИС-д суралцах мэргэжил, хөтөлбөрийн чиглэлээ тодорхойлсон байх;
  1. Бүртгэлийн үйл ажиллагаа:
    1. Зэргийн бус сургалтад хамрагдах сонирхолтой иргэнийг 2026 оны 07 дугаар сарын 01-ний 12.00 цагаас эхлэн https://burtgel.must.edu.mn/ хаягаар онлайн бүртгэнэ.
    2. Бүртгүүлэгч нь өөрийн сонгон суралцах мэргэжил, хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бүрэлдэхүүн, салбар, харьяа сургуулийг сонгон бүртгүүлнэ.
    3. Бүртгэл баталгаажсан тохиолдолд зэргийн бус сургалтад суралцах цахим урилга олгоно.
  1. Сургалтын зохион байгуулалт:
    1. 2026 оны 8 дугаар сарын 23-ны 18.00 цагт онлайн бүртгэлийг хааж, сургууль бүрээр бүртгүүлэгчдийн жагсаалт гаргана.
    2. Бүртгүүлэгчдийн тоог харгалзан бүрэлдэхүүн сургууль бүрээр зэргийн бус сургалтын анги, бүлэг зохион байгуулж тухайн сургуулиас зөвлөх багш томилно.
    3. Зөвлөх багш элсэгчдэд зэргийн бус сургалтын онцлог болон ШУТИС-ийн сургалтын үйл ажиллагаа, зохицуулалт, хичээл сонголтын талаар мэдээлэл, зөвлөгөө өгнө.
    4. Элсэгч нь үндсэн хөтөлбөрийн элсэгчдийн нэгэн адил бакалаврын хөтөлбөрийн намрын улирлын ерөнхий суурийн хичээлээс судлахаас гадна тухайн сургуулийн сургалтын хөтөлбөрүүдийн онцлогийг харуулсан мэргэжлийн удиртгал хичээл судална.
    5. Бүртгүүлэгч намрын улиралд тухайн сонгосон сургуульд 18-21 кредитийн хичээл судлах бөгөөд VIII/24-өөс хичээл сонголт хийж, хичээлийн хуваариа зохионо.
    6. Намрын улирлын сургалтын үйл ажиллагаа 2026 оны 08 сарын 31-ээс 2026 оны 12 сарын 18-ны хооронд 16 долоо хоног үргэлжилнэ.
    7. Зэргийн бус сургалтад суралцагчийн намрын улиралд судалсан хичээлүүдийг сургалтын журмын дагуу дүгнэн гэрчилгээ олгохоос гадна амжилттай дүгнэгдсэн хичээлүүдийг үндсэн хөтөлбөрт элссэн тохиолдолд дүйцүүлэн тооцно.
    8. Суралцагч нь ШУТИС-ийн сургалт, эрдэм шинжилгээ, оюутны үйлчилгээнд үндсэн хөтөлбөрийн оюутны адил хамрагдана.
    9. Зэргийн бус сургалтын суралцагч БҮТ-өөс зохион байгуулах өвлийн элсэлтийн шалгалтыг амжилттай өгч, өөрийн сонирхсон хөтөлбөрийн босго онооны болзол хангасан тохиолдолд тухайн үндсэн хөтөлбөрт оюутнаар элсэн суралцаж болно.
    10. Өвлийн элсэлтийн шалгалтын үр дүнгээр ШУТИС-д элсэх болзол хангаагүй тохиолдолд хаврын улиралд зэргийн бус сургалтад үргэлжлүүлэн суралцаж болох ба элсэлтийн шалгалтыг дахин өгч 2027-2028 оны хичээлийн жилд үндсэн хөтөлбөрт элсэж болно.
  1. Сургалтын төлбөр:
    1. Суралцагч нь 2 улиралд 30 хүртэл кредитийн хичээл судлах бөгөөд сургалтын төлбөрийг ШУТИС-ийн удирдах зөвлөлөөр баталсан бакалаврын сургалтын 1 кредитийн үнэлгээгээр буюу 209000 төгрөгөөр тооцно.

 

ШУТИС-ийн сургалт хариуцсан захиргааны нэгж

2026-06-30